Thursday, February 15, 2007

"Хөгжлийн Эдийн Засаг" хэмээх блогыг нээх болсоны учир

1995 оны эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн Роберт Лукас бээр олон улс дахь амьдралын түвшний ялгаатай байдлын талаар нэгэнтээ "Once you start thinking about them, it's hard to think about anything else" хэмээн хэлсэн удаатай. Үнэхээр ч өдгөөгийн даяаршлийн эрин үед түрүүлж хөгжсөн хэдэн орон нь сүүлдэж хоцорсон орнуудаа туслаж дэмжих нь нэг талаараа хүн ёсны хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа явдал бол нөгөө талаараа ядуурал гэгч муу муухай бүхний үүр уурхай болсон зүйлийг устгах нь эцсийн дүндээ хэн хэнд маань чухал үйл хэрэг билээ. Гэхдээ энэ бол хэн нэгэн мундаг нөхөр нь ханцуйгаа шамлаж орж ирээд хийчихдэг амархан зүйл биш ээ. Энэ бол олон арван иргэншил доторх олон мянган соёлтой хэдэн тэрбум хүний амьдралыг энүүхэндээ гэхэд ядаж өлсөөд үхчихгүй хэмжээнд байлгах, тэрүүхэндээ гэхэд хэний ч гар харахгүйгээр үр хүүхдээ өсгөх боломжийг олгох хүмүүн төрөлхтний хамгийн том зорилго юм.

Хэдийгээр Монголын ард түмэн Цагаан Морин жилнээ ардчилал эрх чөлөөгөө олж авсан хэдий ч өдгөө хүртэл эдийн засгийнхаа хувьд тусгаар тогтнолыг олж авч чадаагүй л явна. Зарим нэг нь үүнийг Монгол хүний сэтгэлгээтэй холбон тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь төрийн буруу бодлогын хар гай хэмээж, бүр өөр нэг хэсэг нь гадны тусламж өгөгч байгууллагуудын хар муу санаанаас боллоо гэх. Гэхдээ нэгэн найзын маань хэлдэгчлэн “бидэнд ухрах зам мянга байхад урагшлах зам нэг л бий” гэдгийг мартаж боломгүй. Харин тэрхүү “урагшлах ганц замыг” олж мэдэх хийгээд амьдрал дээр баталгаажуулах нь бидний хойч үедээ хүлээсэн хамгийн чухал үүрэг бөгөөд үүний тулд эрдэм мэдлэгийг түгээж хүн болгонд хүртээлтэй болгох учиртай.

Энэхүү блогыг Монгол улсынхаа ирээдүйн талаар санаа зовниж явдаг хэн бүхэнд зориулж нээсэн бөгөөд цаашдаа хөгжлийн эдийн засгийн талаарх үндсэн ойлголтуудыг танилцуулах, Монгол Улсад чухам ямар загвар, ямар бодлого тохирох, түүнд нь учирч буй бэрхшээлүүд болон даван туулах арга замуудын тухай та бүхний үзэл бодлыг сонсох, нийтлэх, түгээх чөлөөт индэр болох юм.

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!

1 comment:

Агьнууд Х.Зоригт said...

Good job and keep it going, dude!

Энэ блогтоо Дөлгөөн, Индранила гэх мэт хүмүүсийг автор эрхтэй болговол ч улам "хурц" блог болох шинжтэй гсн.